Wednesday, March 31, 2010

Нийслэлд үндэсний гэж хэлхээр зоогийн газар нүдний гэм болжээ.


Соёл уламжлал гэдэг бол улс үндэстэн бүрийн мандан бадралын нэг хэсэг гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Соёл урлагаар дамжуулан бүхэл бүтэн улсыг өөрийн харьяат улс болгосон домог ам дамжин яригддаг. Энэ бол эзлэн түрэмгийллийн хамгийн тайван бөгөөд хахир арга юм. Түүх уламжлалаа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг дээ. Хаанаас үүдэлтэй, ямар соёл урлаг, уламжлалаар хүн болсноо мэдэхгүй байна гэдэг хүний хамгийн том гутамшиг. Өнөө цагт улс орон бүрийн бахархал нь өөрийн гэсэн ёс заншил, соёл урлаг, уламжлалтай байх явдал болоод байгаа. Ингээд бодохоор соёл, урлаг нь хүн төрөлхтний оюуны хамгийн агуу үнэт өв юм. Соёл уламжлал гэдэг бол маш том ойлголт. Үүнд нийгмийн бүхий л салбарын соёл ордог. Үүний нэгээхэн хэсэг нь хооллох соёл, ёс заншил. Монголчууд бид эрт дээр үеэс өөрсдийн ахуй амьдралдаа тохируулан хооллож ирсэн уламжлалтай. Гэвч энэ уламжлал он цагийн эрхээр устан үгүй болж байна гэхэд хилсдэхгүй болжээ. Үүнийг та ресторан, кафенуудаас харж болно. Хаашаа ч харсан япон, солонгос, хятад ресторан, зоогийн газар нүдний өмнө дурайж, хаягийг нь нэрийг, хоолыг нь нэрлэж чадахгүй, монгол гэхээр монгол биш, гадаад гэхээр гадаад биш тийм л нэг эрээвэр хураавар орчинд амьдарч байна шүү дээ. Яагаад ингэж бичих болсон шалтгаанаа товчхон дуулгая. Нэг өдөр ажлаа тараад явж байтал нэгэн англи жуулчид ирээд “Би танай оронд ирээд долоо хонож байна. Танай үндэсний хоолыг амталж үзэх гэсэн юм. Та надад үндэснийхээ рестораныг заагаад өгөөч. Би хаана очвол. та нарын иддэг хоолыг амталж болох вэ” гэлээ. Би “Модерн номадс”, Их монгол, Баянгол, Эртний нутаг гээд гацчихлаа. Нөгөө жуулчин маань манай оронд ирээд долоо хоночихсон байсан тул эдгээр газруудад ороод үзчихсэн гэв. Тэрбээр хоол идэх зуураа үндэсний соёл, зан заншилтай нь танилцахыг хүссэн. Би монгол хүн байж үндэснийхээ рестораныг хэлж өгч чадаагүй дээ хачин их ичиж байлаа. Хаашаа ч харсан Хятад, Солонгос, Япон гээд олон үндэстний зоогийн газар байхад нээрээ хаанаасаа ч үндэсний ресторан олох билээ. Гадаад байтугай монгол хүн хотод орж ирээд эх орондоо явж байгаагаа мэдэхээ болчихдог нь гашуун боловч үнэн. Дэлхийн талыг эзэлж явсан монгол үндэстний зоогийн газар ийм цөөхөн байдаг юм гэж үү. Хүн амынх нь бараг тэн хагас нь байдаг улсын нийслэлд үндэсний уламжлалт хоолны газар гарын таван хуруунд багтаж байгаа нь даанч харамсалтай. Улс орон хөгжихийн хэрээр гадаад харилцаанд ахиц гарч, олон үндэстний хоолны газрууд ихээр нээгдэж байгаа нь ололттой ч хэт туйлширдаг бидний гэм биш зан хойно энэ талын бизнес хөгжихөд ихээхэн нөлөө үзүүлж байна. Гэхдээ өнөөгийн даяаршиж байгаа энэ үед уламжлалаараа бусдаас ялгарахгүй бол хэн ч биш болно гэдгийг ухаантай нэг нь ойлгодог л баймаарсан. Нийслэлд нийтийн хоолны 2330 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас бараг 30 хувийг нь олон үндэсний хоолны газар эзэлдэг. Эдгээр хоолны газруудын 80 хувь ямар нэгэн зөрчил гаргадаг байна. Хамгийн наад захын эрүүл ахуйн шаардлага хангадаггүй талаар иргэд олонтаа ярьдаг. Тэр дундаа хятад ресторанууд хоол хүнсээ бохир орчинд бэлддэгээс гадна ямар ч гарал үүслийн шинжилгээгүй амтлагчуудыг их хэмжээгээр хэрэглэдэг гэнэ. Мөн хятад тогооч нар хэзээ ч малгай өмсдөггүй бас гутлаа солилгүй гал тогоондоо ажилладаг, хоол хүнсэнд хэрэглэдэг ногоо болон махаа маш заваан орчинд хадгалдаг гэдэг гэсэн яриа чих дэлсэж мэргэжлийн байгууллагын шалгалтаар илэрсэн нь олон. Мөн нэгэн хятад ресторан хятадаас хууль бусаар оруулж ирсэн архи пиво зарж байхтай нь мэргэжлийн хяналтын байцаагчид таарчээ. Түүгээр ч барахгүй “Бээжин хуа луу” зоогийн газрын сонгинотой хуурга, соустай хавирга зэрэг хоолноос дээж авч нян судлалын шинжилгээнд хамруулахад гэдэсний халдварт өвчин үүсгэгч нян их хэмжээгээр илэрсэн тухай мэдээлэл ч байх юм. Үндэсний хоол гэдэг бол тухай үндэстний томоохон соёл байдаг. Гэвч энэхүү соёлоо бид өдөр болгон алдсаар бас холдсоор л байна. Ямар ч хүн өөрийн үндэснийхээ хоолыг амтархан идэх дуртай. Орчин үеийн рестораны хөгжил хязгааргүй тэлж байгаа энэ үед улс орныхоо онцлогийг харуулсан, түүх соёлоо таниулсан, уламжлалт үндэсний зоогийн газар байгуулчихвал гадны хүний дэргэд нүүр бардам, бахархах зүйлтэй болмоор сон. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл монголоо алдсан монголчуудаар монгол орон дүүрэх нь байна.


3 comments:

onormon said...

үнэхээр бодож харамсаж явдаг зүйлийн талаар бичжээ. Яг үнэндээ Монгол үндэсний хоол хамгийн хямдхан түргэн хоол болон хувирч ямар ч хүндэтгэлийн утгагүй болоод байгаад монгол хүнийхээ хувьд ичиж явдаг.Монгол хоолны газрууд болох Модерн номадс гэх мэт байгаа хэдхэн газар нь хэтэрхий хуучинсаг хэт их өөх тостой, овоолсон түлэнхий махтай хэт их порцтой,нарийн учир жанцан уг хоолны мөн чанар, онцлог, түүх, зохицолдолгоог тайлбарласан өчүүхэн ч тайлбаргүй байдаг нь ичмээр л байдаг. Дээрээс нь үндсэн ажлаа ч бүрэн ойлгоогүй, их зантай, удаан хөдөлгөөнтэй хэдэн зөөгч .... асуудал ихтэй дээ. Алдаа гаргачихаад хэзээ ч уучлал гуйж үзээгүй буюу харин ч эсрэгээрээ доромжлуулаад гардаг хөндлөн үйлчилгээтэй хөөрхий хэдэн үндэсний хоолны газрууд минь өнгө, мөнгөөр өөрсдийнхөө үзэл бодлоос өөрчлөгдөхгүй бол гадныханд цохигдож хуушуурын гуанз хэвээрээ л үлдэх мэт бодогдох.......

Sasha said...
This comment has been removed by the author.
Sasha said...

Тэгээд юү гэх гээд байгаа юм бээ? Монгол хоол гээд хиртэй тогоонд нохойны хоол шиг тэр чигээр нь чандаг цувдаа, чанасан мах, бууз, хуушуурнаас өөр юм битгий хий, 100 жилийн өмнө байсан шигээ л байж байцгаая гээд байгаа юм уу? Харин ч монгол хоол сүүлийн үед цөөн төрлөөсөө олон болж орчин үетэйгээ зохицож яваад баярлаж байгаа. Монгол хоол их сайхан гоё үзэмжтэй болж байгаа. Монголоо алдсан монгол гэж бас юүгээ яринав вээ? Хүн болгон цаг үетэйгээ зохицож явдаг, монгол цус байж л байгаа хойно монголоо алдна гэж одоо 21-р зуунд дэмий балай юм яриж монгол хүнийг эрт дээр үеийнх нь байдлаар байлгахыг оролдохоо одоо болино байгаа. Япончууд ч гэсэн одоонийх шигээ соёлтой анх байгаагүй, японы сүшиг ядуучууд нь идэх хоолгүй чанах галгүйгээс болж далайн амьтны түүхий махыг атгандаа бөөрөнхийлсэн өчүүхэн будаан дээр тавиж идэж байснаас анх үүссэн, гэтэл тэд япон заншил гээд одоо хүртэл тийм хэвээр нь л идээд байдаггүй, тэр үеээс хойш сүши маш их өөрчлөгдсөн, соёлтойгоор олон янз болгон өөрчилж иддэг болсон. Давтсан стейк монголоос гаралтай гэж сонссон, монголчууд махыг зөөлрүүлэн шарж идэхийн тулд эмээл дороо хийж морио унаж явж байгаад шардаг байсан гэсэн түүхтэй, одоо хүмүүс тусгай зориуулалтын алхаар давтаж байгаад шардаг, монголчууд тэгвэл монголоо алдахгүй гээд эмээл дороо махаа хийж байгаад идэх үү? Тэр үед мори унаж дайтаж байсан монголчууд тэр цагтайгаа, байдалдаа зохицон хоолоо идэж байсан нь ойлгомжтой. Хүмүүсийн ч амьдрал хэрэгцээ өөрчлөгдөж байгаа цагт цаг үетэйгээ алхаж явсан нь дээр байхаа. Эс тэгвээс бүдүүлэг зэрлэг монгол гэдэг нэрнээсээ үүрд салахгүй л байх шүү монголчуудаа.

Post a Comment