Sunday, February 27, 2011

Эрүүл хооллолт, зөв хэрэглээ


Эрүүл хооллолт, аюулгүй хүнс дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарын толгой өвтгөсөн сэдэв болоод байгаа билээ. Орчин үеийн гэх тодотголтой шинэ тутам гарч байгаа өвчнүүд нь ихэвчлэн буруу хооллолтоос үүдэлтэй нь нэгэнт нотлогдоод байна. Манай улсад байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ариутган хэрэглэх нь тун ховор байдаг тул та үгүй ядаж авсан хоол хүнснийхээ бүтээгдэхүүнийг зөв хадгалах хэрэгтэй.
Хүнсээ хэрхэн аюулгүй хадгалах вэ?
• 1. Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4-өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.
• 2. Баглаа боодолгүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн болон, удсан хүнсний бүтээгдэхүүн бүү худалдаж ав.
• 3. Завсар зайтай болон таглаагүй саванд удаан хадгалсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Аливаа бүтээгдэхүүнийг хадгалахдаа паалантай саванд хийх хэрэгтэй. Хуванцар сав нь хүний биенд хортой байдаг төдийгүй тухайн хүнсний зүйлтэйгээ урвалд орж болзошгүй.
• 4. Таг нь товойсон, эсвэл онгорхой лаазтай бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Хэрэв тийм тохиолдолд сав баглаа боодол дээрх үйлдвэрлэсэн хугацааг харах ба таны гэр дээр очихдоо тээвэрлэлтийн горим алдагдсан байж болно.
• 5. Хоолоо болгосны дараа хэрэглэхгүй бол аль болох хурдан хүйтэн газар хийж хөлдөөх хэрэгтэй.
• 6. Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон болсон хоолыг өрөөнд 2 цагаас илүү хугацаагаар битгий үлдээ. Бичил биетэн үржих аюултай.
• 7. Хоносон хоол хэзээ ч бүү хэрэглэ. Тэнд үржсэн нян ходоодонд орж, дотор гэдэсний өвчин үүсгэх нөхцөл болдог бөгөөд хоносон хоол хэрэглэснээс бид нар өөртөө л өвчин бий болгодог. Ихэнх өвчин ходоодноос үүдэлтэй байдаг.
Хүнсээ хэрхэн аюулгүй хэрэглэх вэ?
• 1 . Хоол идэхийн өмнө гараа сайтар савандаж угаана. Гарын алчуур цэвэрхэн байх нь чухал. Гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулалттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших хэрэгтэй.
• 2. Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл /хүн, амьтны үс, ноос болон бусад/ байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв хэт бохир зүйл байвал хэрэглэхгүй байхыг зөвлөе.
• 3. Хоол, хүнс тань аюулгүй, тэжээллэг байхаас гадна, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс нэлээд их орсон байх шаардлагатай. Энэ нь таны биед зайлшгүй байх ёстой аминдэм, эрдэсийн эх үүсвэр болно. Жимс жимсэн бүтээгдэхүүн нь хэдийгээр байгалийн цэвэр бүтээгдэхүүн боловч нян хамгийн их үрждэг хэрэглээ юм. Иймд авах үедээ шинэ байна уу гэдгийг сайтар анхаарах, идэхээс өмнө заавал угаах ёстой.
• 4. Түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул хүндээр өвчлүүлэх магадлалтай. Тиймээс ялангуяа бага насны хүүхдэд бүү уулга. Хэрэв гэрт чинь ус цэвэршүүлэгч байхгүй бол буцалсан усыг цэвэрхэн саванд хийгээд тавихад л хангалттай.
• 5. Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй. Ялангуяа хөдөө явж байгаа тохиолдолд тоос шороог нь цэвэрлэсний дараа хэрэглэх хэрэгтэй.
• 6. Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Телефон болон гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна. Энэ нь өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлт болдог.

0 comments:

Post a Comment